Saturday, May 31, 2014

Зургаа дахь жилдээ.

Байгаль дэлхий ногоон өнгөнд хучигдаж миний амьдарлын хүсэн хүлээсэн, бас сэтгэлийн шанлалаар дүүрэн зургаа дахь хавар маань хэдийн болжээ. Би одоо арван наймтай ч тэр охиныг зургаан жилийн өмнө, арван хоёртойдоо л харсан. Тэр минь одоо аль хэдийн найз залуутай болж хайраар бялхаж байгаа байх л даа. Харин би түүнийг зургаан жилийн турш хүлээж, зургыг нь харж, орой унтахдаа өглөө сэрэхдээ үргэлж тэр охиныг санаж, өөрийгөө хажууд нь байгаагаар төсөөлдөг. Нэг ч өдөр алгасаагүй. Гэхдээ энэ хооронд би түүнийг мартах гэж оролдсоон. Өөр хоёр ч охиныг хүчээр сэтгэлдээ буулган, сайнаар хандаж, үерхэх тухай асууж байсан ч эцэст нь энэ бүхэн ердөө л өөрийгөө хуурж байгаа хэрэг гэдгийг ойлгосоон.


Надад түүнтэй байсан дурсамж ховор ч хоёр гуравхаан явдлыг энд сийрүүлэе.


Эхний хавар. Бид хоёр нэг сургуульд нэг ангид сурдаг байлаа. Долдугаар ангидаа. Тэр зургадугаар ангид байхад шилжиж ирсэн ч түүнийг би нэг илүү жил сурахдаа урьд нь анзаарж байгаагүй. Түүний төрсөн өдрөөр бялууг нь идэж байсныг эс тооцвол. Тэр үед багш суудал сольж би түүний урд суудаг болсон. Тэр үеэс хойш л би түүнтэй хамт хичээлээ хийж, түүний утсаар тоглож, түүнтэй юу ч хамаагүй яридаг болсон доо. Тамирааг хичнээн ухаалаг, үзэсгэлэнтэй гэдгийг тэгэхэд л мэдсэн юм. Хичээл орой долоо гэж тардаг учир нэг удаа бид хоёр гадаа парлель ангийнхаа цонхоор харж арваад минут зогссон. Тэр үеэлээ харин би хөрш найзыгаа тарахийг хүлээн зогссон маань одоо хүртэл нүдэнд үзэгдэсээр. Тэгэхэд жоохон байж дээ. Тамираатай бараг юу ч яриагүй. Тэр цүнхэнээсээ жигнэмэг гаргаж ирээд надтай хуваасан юм. Хэдийн хаврын урь орж дулаахан, зөөлөн шившээ салхи бид хоёрыг үлээсээр. Түүний өгсөн жигнэмэг хэтэрхий амттай байсан. Дараа нь дэлгүүрээс тэр жигнэмэгийг авж идсэн ч ямар ч амтгүй байлаа. Бид хоёр ийн байсаар хүлээсэн хүн нь гарж ирэхэд гэр гэрийн зүг салж явсандаа. Тэр хичээлийн жилийг бид хоёр хоорондоо ярилцаж, бие биенээсээ хичээлээ хуулж л өнгрөөсөн дөө. Зун нь би түүнийг дахин харахсан гэсэн хүсэлдээ автан ер унтаж өгдөггүй байлаа. Тэр үед энэ зовлон ингэж удаан үргэлжлэхийг зүүдлээ ч үгүй биз.


Намар нь. Би Тамирааг ахин харсандаа хязгааргүй ихээр баярлаж доороо дэвхэцмээр санагдаж билээ. Тэр үед Тамираад хичнээн сайн гэдгээ хэн нэгэнд хэлсэн бол наадах чинь зүгээр л нэг шохоорхол гэх байсан байх. Би ч гэсэн шохоорхол, хайр хоёрын ялгааг сайтар ойлгож таниж мэдсэн тэр үед наймдугаар ангийн хүүхэд жирийн л нэг шохоорхолтой л учирна гэж бодож байсан ч одоо бодоход… Ашгүй багш суудал солисонгүй. Тэр бид хоёрын харилцаа хичээл орсоноос хойш нэг сар л ойр дотно байсан юм. Тэр үеэлийнх нь байдаг өнөөх ангируу шилжчихсэн. Тамираатай хаяа нэг сургуулийн коридорт тааралдаж “Сайн уу? Сайн. Чи сайн уу?” гэхээр л мэндэлдэг болсон юм.


Түүнийг санаад байж чадахаа болидог байсан ч бас  түүнийг мартахийг хүсэж нэг охиноос үерхэхийг гуйсан ч аз болж тэр зөвшөөрөөгүй шүү. Урьд нь би түүнийг санахдаа элдэв янзын шүлэг, сэтгэлийнхээ үгсийг бичиж 96 хуудастай дэвтэрийг дүүргээд эцэст нь хөдөө байхдаа түүнийгээ хашаа давуулаад шидчихсэн шүү.


Дөрөв дахь жилийн өвөл. Түүнтэй байсан цөөхөн дурсамжаа бодож, түүний хаяа гаргах инээмсэглэлийг санаж байсаар хэдийн дөрвөн жилийг ардаа орхижээ. Түүнтэй мэндэлж юм ярихийг хүсэв ч тэр байнга л найзуудтайгаа явдаг байсан учир би ичээд зүгээр л зөрөөд өнгөрдөг байсан. Том том цас малгайлан ороход тэр надаас үүрд явсан юм. Би түүнийг харалгүй долоо хонож найзаасаа асуутал Тамирааг лицей сургууль уруу шилжсэн гэдгийг хэлсэн.


Түүнтэй мсжээр харилцдаг байсан ч энэ нь удаан үргэлжлэхгүй гэдгийг мэдсэн юм. Одоо хүртэл би түүнийг бодитоор нь хараагүй байгаа ч фейсбүүкдэх зургуудыг нь л харж сэтгэлээ дэвтээх юм даа. Түүниий найз залуу надаас хэд дахин илүү  нэгэн биз. Энэ бүхнийг эцэст нь бодоход хамаг буруу нь зөвхөн надад бий. Би өөдгүй хулчагар амиа хичээсэн амьтан. Би түүнтэй үерхэж Тамирааг өөрийн болгох боломж надаа өч төчнөөн л байсан. Зургаа дахь жилдээ ирж байгаа миний энэ шаналал миний зориггүй бас арчаагүйгээс л болсон.

Гэхдээ миний ирээдүйн олон мөрөөдлийн хамгийн эхэнд зөвхөн түүнтэй байх л бий.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл үлдээсэнд баярллаа.

Тавтай морил

Сайн байцгаана уу? Миний блогт тавтай морил. Чадан ядан бичсэн хэдэн өгүүллэгүүдийг маань уншиж шүүмж, сэтгэгдэлээ үлдээх буй за.